МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

Монгол Улсын Их хурлын 2024 ны 08 дугаар сарын 27-ны өдөр хуралдсан ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолыг хэлэлцэн баталсан.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтуудыг илүү хурдан, үр дүнтэй шийдвэрлэх, бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр, тогтвортой хамтран ажиллах зорилго бүхий  "ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ" хамтарсан Засгийн газрын гэрээг удирдлага болгон боловсруулсан. Энэ нь:

  • Үндэсний эв нэгдэл, үндэсний эрх ашгийг эрхэмлэж, эрх зүйт төрийн үндсэн зарчмуудыг удирдлага болгон;
  • Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгон;

            "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого" Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг зорин нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд, хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, эрчим хүчний болон боловсролын салбарын шинэчлэл, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг тэргүүлэх чиглэл болгосон.

            Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд тус хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл нь хүний хөгжлийн бодлого байх ба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм нь юм гэж тодорхойлсон.

          Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Хүний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан хөгжих, суралцах, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, чинээлэг, баялагтаа эзэн, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ гэсэн зорилгод нийцсэн  2.1 Чинээлэг Монгол хүн зорилтын 2.1.1-д Гэр бүл, хүн амын онцлогт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд:

Хөгжлийн бэрхшээлтэй хүн

2.1.1.23.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулна.

2.1.1.24.Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг албан байгууллага, бүх төрлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлнэ.

2.1.1.25.Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг үе шаттайгаар нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана.

2.1.1.26.Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг сайжруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх аймаг, дүүрэгт байгуулна.

2.1.1.27.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 4 хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна.

2.1.1.28.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, цахимаар, зайнаас, цагаар болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.

2.1.1.29.Төр, хувийн хэвшил, нийгмийн түншлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн халамж, үйлчилгээний чанарыг сайжруулна гэсэн 7 арга хэмжээг тусгаж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

 

---оОо---