
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03–ний өдрийн 1 дүгээр тогтоолын дөрөвдүгээр зүйл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны 4.7.4 дахь заалтыг үндэслэн хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй хүнд хувийн туслах бэлтгэх сургалт зохион байгуулах байгууллагуудын сонгон шалгаруулалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тул оролцогчдыг урьж байна.
Тавигдах шаардлага
- Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээтэй байх (хүчинтэй хугацаатай)
- Сургалтын хөтөлбөр нь чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулагдсан, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц байх
- Хувийн туслах бэлтгэх сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний туслах хэрэгслийн бүрэн хангамжтай анги танхимтай байх
- Насанд хүрэгчдийн заах арга зүй эзэмшсэн, үндсэн багштай байх
Бүрдүүлэх баримт бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (сургалтын төрлүүдээр эрхтэй, хүчинтэй хугацаатай байх)
- Мэргэжлийн сургалт зохион байгуулах чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны институт) баталгаажуулсан дүгнэлтийн хуулбар
- 2023 онд сургалт зохион байгуулах ажлын төлөвлөгөө
- Сургалтын анги танхим, материал, хэрэглэгдэхүүний талаарх мэдээлэл, фото зургаар баталгаажуулах
- Сургалтын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь (хүчинтэй хугацаатай байх), өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
- Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, диплом, сургагч багшийн эрхийн гэрчилгээний хуулбар
Жич: (1 багш 2-оос дээш байгууллагад гэрээгээр багшлахгүй)
Хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй хүнд хувийн туслах ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулах мэргэшсэн байгууллагуудын холбогдох баримт бичиг, материалыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цагаас өмнө хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар 3 давхарт 302 тоот
Утас: 77073000



